С.Энхбаяр: Зөрчилтэй 10 ААН-д улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлж, зөрчлөө арилгах үүрэг өглөө

Нийслэлийн Хяналт шалгалтын газрын даргын баталсан удирдамжийн дагуу нийслэлийн хэмжээнд бетон зуурмаг болон бетон эдлэлийн үйлдвэрүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг аравдугаар сарын 2-24-ний өдрүүдэд зохион байгууллаа. Хяналт шалгалтын хүрээнд бетон зуурмаг, эдлэлийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд баримтлах технологийн горим, түүхий эдийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, хадгалалтын нөхцөл, лабораторийн стандартын шаардлагын хэрэгжилт зэрэгт дүгнэлт хийсэн байна.

Энэ талаар нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Нийт 88 бетон зуурмаг, эдлэлийн үйлдвэрт хяналт шалгалт хийснээс 32 нь хэвийн үйл ажиллагаа явуулж байсан бол 66 нь тухайн үед үйл ажиллагаа явуулаагүй байсан. Харин зөрчилтэй 10 ААН-д улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлж, зөрчлөө арилгахыг үүрэг болгосон. Дүүрэг тус бүрийн байдлаар авч үзвэл Сонгинохайрхан дүүрэгт 31, Хан-Уул дүүрэгт 15, Баянзүрх дүүрэгт 18, Чингэлтэй дүүрэгт 6, Сүхбаатар дүүрэгт 7, Налайх дүүрэгт 7, Багануур болон Багахангай дүүрэг тус бүр 2 үйлдвэр хамрагдсан. Шалгалтын дүнгээр зарим үйлдвэрт дараах зөрчлүүд илэрсэн. Тухайлбал, түүхий эдийн чанарт тавигдах шаардлагыг хангаагүй, цементийн хадгалалт буруу, технологийн горим мөрдөөгүй, хүйтний нөхцөлд бетон зуурмаг бэлтгэхдээ температурын дэглэм зөрчсөн зэрэг нийтлэг зөрчил илэрсэн. Мөн нийслэлийн хэмжээнд 2021-2025 онд давхардсан тоогоор 1008 барилга байгууламж баригдаж байгаа бөгөөд барилгын чанар, аюулгүй байдлыг хангахын тулд бетон зуурмагийн үйлдвэрлэлийн технологийн горим, стандартын хэрэгжилтэд тогтмол хяналт тавих шаардлагатай” гэв.




Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
