Улс төр
•Sainjargal
•10-р сар 12
Я.Содбаатар: Гэр бүл, үр хүүхдийг минь оролцуулсан гүжир гүтгэлгийг зохион байгуулалттай тарааж буй явдлыг хууль, хяналтын байгууллагаар шалгуулна.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар мэдэгдэл гаргажээ
Миний болоод гэр бүлийн минь талаар хэвлэл мэдээлэл, сошиал орчинд янз бүрийн л хардлага, сэрдлэг, гүтгэлэг нийтлэгдэж түгээгдэж байдаг ч уужуу ухаанаар хандаж, тэр бүр тайлбар няцаалт хийхгүй орхиж, олон түмэн ойлгож байгаа гэж бодож ирсэн билээ. Худал үгийг мянга давтахаар үнэн мэт болдог гэсэн үг байдаг.
Сүүлийн үед өрнөж буй улс төржилтөөс болоод намайг гүтгэж харлуулах доромжлох байдал хэрээс хэтэрч байгаа учраас тайлбар няцаалт гаргаж байна.
Намайг хамаарал бүхий компанидаа 1.2 их наяд төгрөгийн тендэр авч өгсөн гэх худал мэдээллийг хөрөнгө санхүү гарган зохион байгуулалттайгаар олон давтамжтай цацаж байна. Миний хамаарал бүхий компани 1.2 их наяд төгрөгийн тендэр авч мөнгө угаасан зүйл огт үгүй. Товч бөгөөд бодит үнэн энэ юм.
Би болон миний хамаарал бүхий аж ахуй нэгж улсын төсөв, хөрөнгөтэй холбогдож байгаа зүйл байхгүй гэдгийг хэлье. Мөн гэр бүл, үр хүүхэд рүү орж, тэднийг оролцуулсан худал цуурхал, гүжир гүтгэлгээ зогсоохыг, үүнийг хөрөнгө мөнгө гаргаж зохион байгуулж байгаа хүмүүст анхааруулж хэлье.
Энэ худал мэдээлэл, гүжир гүтгэлгийг зохион байгуулалттай тарааж буй асуудлыг хууль, хяналтын байгууллагад өгч шалгуулж байгаагаа үүгээр мэдэгдэж байна.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!