Лаг хатааж, шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг баталлаа

Улаанбаатар хотод шинэ Төв цэвэрлэх байгууламжийг ирэх аравдугаар сард ашиглалтад оруулахаар бэлтгэж байна. Шинэ төв цэвэрлэх байгууламжийн хүчин чадал хоногт 250 мянган метр.куб ус боловсруулна. Улмаар төв цэвэрлэхээс гарах лагийг боловсруулж эрчим хүч үйлдвэрлэх “Лаг хатааж, шатааж эрчим хүч үйлдвэрлэх төсөл”-ийн урьдчилсан ТЭЗҮ-ийг баталж, Барилгын хөгжлийн төвөөр магадлуулаад байна. “Лаг хатааж, шатааж эрчим хүч үйлдвэрлэх төсөл”-ийг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд буюу Улаанбаатар хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн урд талын 40 мянган ам.метр талбайд байгуулахаар төлөвлөсөн. Энэхүү төсөл нь жилд 511 мянган тонн лаг болон 18 мянган тонн ахуйн хог хаягдлыг боловсруулж, Улаанбаатар хотын бохир ус цэвэрлэх үйлдвэрийн лаг, хог булшлах талбайн ахуйн хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх юм. Тус төсөл 2025-2027 онд нийт 3 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд барилга угсралт болон ашиглалтын шатанд ажлын байр нэмэгдэж, хотын байгаль орчны нөхцөлийг сайжруулан, иргэдийн эрүүл мэндийн эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой.
Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламжийн лагийн нөөцийн эрчим хүчийг ашиглах уг төслийг хэрэгжүүлснээр одоогийн бохир ус цэвэрлэх үйлдвэрийн үйл ажиллагааны ачааллыг бууруулж, шинэ төв бохир ус цэвэрлэх үйлдвэрийн лагийн боловсруулалтыг шийднэ. Улаанбаатар хотын хөрс, ус, агаарын бохирдлыг бууруулахад үр өгөөжөө өгөх юм.
Лаг хатааж, шатаах үйл явц
- Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжаас гарсан ахуйн болон үйлдвэрийн лагийг усгүйжүүлэх гүн боловсруулалтын дараа шатаана.
- Хуучин лагийг шатаахын өмнө урьдчилан шүүж, хатаана.
- Гадна ахуйн хог хаягдлыг урьдчилан шүүж, шатаана.
- Шаталтаас үүссэн утааны хийг уурын зуухнаас гарган авч уурын турбины эрчим хүч үйлдвэрлэхэд голчлон ашиглах бөгөөд нам даралтын уурыг хатаагчийн дулааны эх үүсвэр болгон ашиглана.
- Шатаах явцад үүссэн утааны хийг "SNCR (зуухны доторх) +цахилгаан тунадас үүсгэгч+хагас хуурай хүчилгүйжүүлэх+ идэвхжүүлсэн нүүрс шахах + шүүлтүүр +нойтон хүчилгүйжүүлэх + сэнс" гэсэн стандартаар боловсруулж, дараа нь яндангаар гадагшлуулна.
- Шатаах болон утааны хийг цэвэршүүлэх явцад үүссэн үнсийг булах буюу барилгын материал болгон ашиглана.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!