МАН-ын даргад Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар өрсөлдөнө гэв үү

МАН-ын дэргэдэх “Ардын хүч” гишүүд дэмжигчдийн холбооноос өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 4-ний өдөр хэвлэлийн бага хурал хийж, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нарт шаардлага хүргүүлэхээ мэдэгдлээ. Энэ үеэр тус намын даргад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон Ерөнхий сайд Г.Занданшатар нарыг өрсөлдөнө гэдэг мэдээллийг Увс аймгийн МАН-ын дэд дарга, Бага хурлын гишүүн С.Анхбаяр зарласан бөгөөд тэрбээр тэдний хэн нь ч өрсөлдөх байлаа гэхэд МАН-ын Их хурлыг хойшлуулах ёсгүй хэмээн мэдэгдсэн юм. Энэ тухайгаа тэрбээр “Нам гэдэг бол ардчилсан тогтолцооны гол институт. МАН бол 300 гаруй гишүүнтэй, эрх баригч улс төрийн хүчин. Тэгэхээр энэ хүчин хэн нэг дарга гомдсон болов уу, гомдол нь гарсан болов уу, одоо тайвширсан болов уу гэж хүлээн улс төрийн шийдвэртээ цаг алдсан байдалтай байгааг хүлээж болохгүй. МАН гэдэг бол энэ тусгаар тогтнолын ордонд сууж байгаа Я.Содбаатар, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ биш. Энэ бол 300 мянган жирийн гишүүдийн үзэл санааны нэгдэл. Энэ хүсэл сонирхлыг хүндлэх ёстой. Намын Их хурлыг хойшлуулсаар байтал өвөл арваннэгдүгээр сард хуралдах болж байна. Энэ намд дандаа хотын төвийнхөн байдаггүй. Хөдөө орон нутгийн гишүүд дэмжигчид гэж байна. Гэтэл хөдөө орон нутаг, манай Увс аймгийн гэхэд 80 хувь нь гантай байна. Бид нар өвөлжилтийн бэлтгэл хийх ёстой. Цаг явах тусам орон нутгийн иргэд яаж хуралдаа оролцох юм. Гэтэл энэ хэдэн дарга нарын ая эвийг харж, эд нар эвлэрэх болов уу, тохирох болов уу гэдэг байдлаар бүхэл бүтэн 300 гаруй мянган гишүүн харж сууж болохгүй гэдгийг Увс аймгийн МАН-ын дэд дарга, орон нутгийн жирийн гишүүний хувьд хэлмээр байна. Иймд юун түрүүнд намын жирийн гишүүдийн оролцоог хэрхэн хангах юм, нам цаашид хэрхэн оршин тогтнох юм гэдэг дүрмийн өөрчлөлтийг хийх хэрэгтэй байна. Намын даргын асуудал харин дараа нь яригдах учиртай. Намын даргын асуудал дээр нэр дэвших эрх бүгдэд нээлттэй байх ёстой. Зөвхөн Ерөнхий сайд Г.Занданшатар намын дарга болох ёстой, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан намын даргад өрсөлдөнө гэж яриа явж байна. Ийм ч дүрэм байхгүй. Үүнийг Монгол Ардын намын жирийн гишүүд шийднэ. Үүнийг хэдэн дарга нар өөр хоорондоо тоо бодож, үйл явдлыг удаашруулж болохгүй. Цагтаа тулбал Г.Занданшатар, Д.Амарбаясгалан ч дарга болох албагүй. МАН-ыг удирдаж чадахгүй бол энэ хүмүүсийг ч толгой дээрээ тахиад байх алба байхгүй. Бага хурлыг хайрцагладаг жишиг бий. Харин Их хурлыг жирийн гишүүдийг бүгдийг хайрцаглаж чадахгүй” хэмээн ярьсан бөгөөд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийг албанаасаа буух ёстой гэдгийг ил тод зарлав.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!