Дэд сайдуудын томилгоо албажих тэр өдрөөс Г.ЗАНДАНШАТАРын Засгийн газрын тойрох зурагдаж эхэлнэ!

Ерөнхий сайд Г.Занданшатар гүйцэтгэх засаглалын тамга атгаад 17 хоног өнгөрлөө. Үндсэн агуулга талаас нь харвал “Хална. Хэмнэнэ, Олно” гэсэн гурван үгээр зорилго, зорилтыг ойлгож болмоор. “Төсвийн орлого нэг долоо хоногийн дотор их наядаар нэмэгдэж, 3.3 их наядад хүрлээ” гэсэн Ерөнхий сайдын өөрийнх нь үг, Сангийн сайд Б.Жавхлангийн “Хөрөнгө оруулалтыг 535 тэрбумаар, урсгал зардлыг 1.8 их наядаар хасна” гэх өнгөрсөн долоо хоногийн мэдээлэл болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын “Эдийн засгийн хүндрэлийг Засгийн газраас хэрэгжүүлэх “Алт-3” хөтөлбөрийн үр дүнд даван гарах боломжтой” гэдэг тайлбар дээрх сэдвийн хоёрт нь хариулт болно. Харин халж солихын тухайд 14 мянга 400 төрийн албан хаагчийн амь амьдралын асуудал яригдана. Хэдий энэ нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үеэс хэрэгжиж эхлэх байсан ч төрийн албаны цомхотголын асуудлыг тойрч өнгөрсөөр өнөөдөрт хүрсэн. Харин Ерөнхий сайд Г.Занданшатарын хувьд УИХ-ын баталсан хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллахаа илэрхийлснээр 2153 тэрийн захиргааны албан хаагч, 12,270 тусгай албан хаагч, 3658 төрийн үйлчилгээний албан хаагч, 340 улс төрийн албан хаагч өнөө маргаашгүй цомхотголын тушаал гардах нь тодорхой болсон. Мөн чиг үүрэг давхардсан 28 Үндэсний хороог татан буулгана гэдгийг Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал мэдэгдсэн.
Гэхдээ Засгийн газрын энэхүү хэмнэлтийн бодлого дунд шатны албан хаагч болон нэр хоч зүүж болохуйц дунд шатны дарга нарыг дайрах бол эсрэгээрээ тойргийн гадна үлдчихээд байсан нэр бүхий улстөрчдийг ажил албатай болгох дэд сайдын томилгоо энэ цагт амилах болсон нь хачин хэрэг. Үүнийгээ Засгийн газраас “16 дэд сайдыг томилсноор ердөө 414 сая төгрөгийн цалингийн зардал гарна. Өөрөөр хэлбэл, бага зардлаар их ажил хийх боломжтой” хэмээн тайлбарлаж буй ч ардчилсан Монгол Улсын түүхэнд дэд сайдын албан тушаал хэзээ ч бага зардал, бага өртөгтэй байгүйг нотлох баримт олон. Тэр дундаа, улс төрийн үе хоорондын зөрчил тэмцэл, эрх мэдлээ атгаж үлдэх гэсэн фракц хоорондын тохиролцоо хийгээд толхилцоо, бизнесийн арвин баян намтраа улс төрийн эрх мэдлээр сольж, хольж аархагчдын дур хүсэл, гэнэтийн томилгоогоор улс төрийн чиг баримжаагаа олж, УИХ-ын гишүүний эрх ямба руу мярайх гэсэн халуун цочмог довтлогчид, эзэн барлагийн харилцаанд олз омог зөөвөрлөх үүрэг ачаа хүлээсэн сул дорой утсан хүүхэлдэйнүүд, аавын гэр, ээжийн нөмрөөс зүрхэндээ, цээжиндээ дэлхийг багтааж ниссэн өв залгамжлагчид төдийгүй эзнийхээ дур хүслээр хулгай хийж, албан үүргээ гувчуулж, өөрийн хүслээр хил дамнан авлига авч, хууль шүүхийн хаалга татсан нь ч цөөнгүй. Бүр дэд сайдын суудлын тэнгэртэй гэмээр хоёр гурван яам сэлгэж, хоёр гурван салбар самарсан нь ч нэгээр тогтохгүй. Нийтлэгээрээ албан тушаалын зангараг нь “Сайдын заасан бэлчээрээс гарахгүй, саалийн газраас холдохгүй” мэт харагдаг ч ачир дээрээ аргыг нь олоод ашиглая, гуйвуулья, самрая гэвэл эрх мэдлийн их бага нь ялгаагүй гэдгийг энэ албан тушаалыг хашсан улстөрчдийн өдүүлсэн хэрэг явдлууд хангалттай нотолно. Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгальмаа, Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьян, Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган, Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв, Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзориг, Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр тэргүүтэй дэд сайдуудын ажил хэрэг болон АТГ-д шалгагдсан хавтаст хэрэг үүнийг нотолно.
Иймд Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газар “Хэмнэлтийн бодлого баримтлана” гэж зарлачихаад хэмнэх хэмнэхгүй нь, эрх мэдлээ ашиглах ашиглахгүй нь хувь хүний ухаан ухамсраар хэмжигддэг албан тушаалыг нэгээр нэмнэ ээ гэвэл энэ нь дэвшил бус ухралт болно. Нөгөө талд Сүхбаатарын талбайд 22 хоногийн турш үргэлжилсэн “Огцрох амархан” жагсаалын уур амьсгал талбайгаас явсан ч залуусын, тэр дундаа шударга ёс шаардагсдын цээжний “гал унтраагүй” гэдгийг мартаж болохгүй. Тэд ч, иргэд ч 14400 төрийн албан хаагчийг цомхотгочихоод 16 дэд сайдыг ажилтай, орлоготой болгохыг хүсэхгүй. Тэр дундаа, цалин болон бусад зардлын хувьд харьцангуй зөрүүтэй мэт боловч эргээд харахад дарга нэмэгдсэн бол, сайд нэмэгдсэн бол дагаж нэмэгддэг зардал, дагаж нэмэгддэг ашиг сонирхол нь үнэмлэхгүй их гэдгийг зухас дурдсан. Тиймээс ч бусдын халагдсан тушаал дээр өөрийн ажлын өргөдлөө бичиж суугаа горилогчид энэ удаад дураа тат. МАН-ын дотоод зөрчлийг далимдуулж, УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч, МАН, 1970 он, 1980 он, 1990 он зэргээр өөрөө өөрийгөө ангилан ялгалд оруулж, энгэр цээжиндээ лого хадан төрийн ордон руу гүйхээ больцгоо.
Эс бөгөөс дэд сайдын томилгоо албажих тэр өдрөөс Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газрын тойрог зурагдаж эхэлнэ. Тэр цагт, нам ч үгүй, төр ч үгүй болохоо бодож жинхэнэ утгаар алсаа хар… Та нар улс төрийн хүч гудамжиндаа бус ордондоо гэдэгт итгэж болох ч гудамжны тэмцэл төр эргүүлж, ард түмэн санал өгдгийг мартаж үл болно. Ардчилсан намын нэр хүнд өсөж эхэлсэн шүү гэдгээс эхлээд, бод бод!
Г.ОТГОНЖАРГАЛ
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!