УИХ-ын Тамгын газрын албан хаагчдад зориулсан Ёс зүйн сургалт боллоо

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар албан хаагчдадаа зориулсан Ёс зүйн сургалтыг өнөөдөр /2025.06.26/ зохион байгууллаа.
Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур, Монгол Улсын Их Хурлаас Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг 2023 онд баталсан бөгөөд тус хуулиар төрийн албан хаагчийн ёс зүйн зарчим, нийтлэг хэм хэмжээг тогтоож, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг шийдвэрлэх, мэдээлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсныг сургалтыг нээж үг хэлэхдээ тодотгосон.
Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын албан хаагчдын саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 2024 оны 1146 дугаар захирамжаар 7 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй “Ёс зүйн дэд хороо”-г байгуулсан гээд тус дэд хорооны дарга, гишүүдийг танилцуулав.
Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиг үүргийг байгууллагын дэргэдэх Ёс зүйн дэд хороо, томилох эрх бүхий албан тушаалтан хэрэгжүүлэхээр хуульд заасан. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2024 оны 27 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр”-т “төрийн албан хаагч ёс зүйтэй ажиллахад дэмжлэг үзүүлэх сургалт, нөлөөллийн ажлыг идэвхжүүлэх, ёс зүйтэй, шударга ажиллах талаар ойлголт, хандлага, соёлын өөрчлөлт бий болгоход чиглэсэн ажлын байран дахь сургалтыг тогтмолжуулах”-аар туссан гэдгийг Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур дурдаад, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Дэвшилтэт, шинэ үеийн парламентын хэрэгцээ, шаардлагад нийцсэн чадварлаг, өндөр бүтээмжит ажлын албыг бэхжүүлэх стратегийн зорилт, Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд зохион байгуулсан уг сургалтад Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс оролцож, “Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомж, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх” сэдвээр илтгэл танилцуулсан юм.
Мөн Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн багш, Доктор (Ph.D), дэд профессор А.Алтанзул “Парламентын ажлын албаны ажилтны ёс зүйн олон улсын нийтлэг жишиг” сэдвээр мэдээлэл өгсөн.
Сургалтын үеэр төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа, хандлага, түүнийг сайжруулах судалгаа, практик мэдээлэл, энэ талаарх эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэл өгч, санал солилцлоо хэмээн Улсын Их хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!